Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид МҮХАҮТ-н “Business & Development” сэтгүүлийн анхны нийтлэлээрээ өөрсдийн сонирхдог, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг сэдэв болох Стратегийн суурь ойлголтын талаар хуваалцлаа.

Стратеги гэдэг үг бидний үгийн санд нэвтрэн орж, сүүлийн үед бүх түвшинд нийтлэг хэрэглээ болж байна. Гэвч энэ үгийн утгыг зөвхөн манай улс бус олон улс даяар өөр өөрийн өнцгөөс орчуулан, утгачлан ойлгох нь элбэг. Түүнчлэн, стратегийг хэрхэн боловсруулах, төлөвлөлтийг хэрхэн хийх зэрэг нь ид шидийн зүйл мэт тусах нь цөөнгүй байдаг. 

Бидний хувьд стратегийг маш энгийн ойлголтоор тайлбарлахыг хүсдэг. Энэ бол компани, байгууллагынхаа бүх нэгж хэсгүүдийг уялдаа холбоотой ажиллуулан алсын хараа, зорилгодоо хэрхэн хүрэхийг хэлнэ. 

Бизнес эхлүүлэх гэж байгаа, эсхүл бизнес үйл ажиллагаагаа явуулаад нэгэн хэвийн цэгтээ хүрч, цааш хэрхэхээ тодорхойлох хэрэгтэй болсон, эсхүл танай корпораци үйл ажиллагаагаа тэлж, өргөжүүлэх шийдлийг бодолцож байгаа гэх мэт эдгээр үе мөчид стратегиа тодорхойлох, төлөвлөлтийг хийх хэрэгцээ ихэвчлэн гардаг. 

Иймд, таны бизнес бизнесийн мөчлөгийнхөө аль ч үед явж байсан дараах дөрвөн үндсэн асуултыг бодолцохыг бид зөвлөж байна. Эдгээр асуултууд нь хэдий энгийн боловч, байгууллагын тань хувьд стратегиа тодорхойлох, стратеги төлөвлөлтөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм. 

  1. Бид ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд оршин тогтнож байгаа вэ? Аливаа байгууллагын үүсэн байгуулагдах, эсхүл оршин тогнохын учир шалтгаан нь тодорхой байх хэрэгтэй. ”Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч нь хэн бэ? Зах зээлд одоогоор нөхөгдөөгүй ямар хэрэгцээг манай компани, байгууллага хангаж байгаа вэ?” зэрэг асуултууд нь байгуулагын тань оршин тогтнож буй шалтгааныг тодорхойлоход туслахаас гадна, цаашид байгууллагаа ямар зохион байгуулалттай, хэрхэн авч явах талаар санаа өгнө.
  1. Бид хаана хүрэхийг зорьж байна вэ? Энэхүү асуулт нь стратеги тодорхойлолтын суурь ухагдахуун болох Алсын харааг шингээсэн асуулт юм. Маш энгийнээр жишээлэн дурьдахад, бид балчир хүүхэд байхдаа, “би том болоод тийм хүн болно” эсхүл ийм мэргэжилтэй болно” гэж найзуудтайгаа ярих удаа цөөнгүй л байсан байх. Яг үүнтэй ижил танай байгууллага одоогоос хэдэн жилийн дараа ямар цэгт хүрэхийг хүсч байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Менежментийн онолд цөөнгүй дурьдагддаг нэгэн жишээ бол Форд Моторс компанийн үүсгэн байгуулагч Хэнри Фордын нь айл болгоны гаражд машин байлгах гэсэн алсын хараандаа хөтлөгдөн, тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд ажилласан гэдэг.
  1. Бид хэрхэн зорьж буй газартаа хүрэх вэ? Өөрөөр хэлбэл, “бид өнөөгийн байгаа цэгээсээ зорьж буй цэгтээ хүрэхийн тулд хэрхэн хүрэх вэ?” гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хүрэхийг хүсч буй цэгт тань хүргэх ямар үйл ажиллагаа байж болох, тэдгээрийг жилийн, сарын, долоо хоногийн ажлын төлөвлөлтөндөө хэрхэн тусгах, түүнчлэн, эдгээр хийгдэж буй ажлуудын үр дүн нь ямар үзүүлэлт, үнэлгээгээр хэмжигдэх (SMART буюу Тодорхой, Хэмжигдэхүйц, Хүрэхүйц, Бодит, Цаг хугацаатай байх) гэх мэт агуулга нь энэхүү асуултанд шингэсэн байдаг. Эдгээрийг бодолцсоноор, танай стратеги тодорхойлогдон, ажил хэрэгч, хэмжигдэхүйц болно.

Жишээлбэл, бүтээгдэхүүн борлуулдаг компани борлуулалтын зорилгоо тодорхойлохдоо зорилтот дүнгээ жилээр гарган, түүнийгээ улирал, сараар, долоо хоногоор нь гарган, гүйцэтгэлээ хянаад явж болно. Үүнтэй уялдан, орлого зарлагын төсөв төлөвлөгөө, мөнгөн урсгалын тооцоолол хийгдэх ба энэ нь компанийн ашигт ажиллагаа, эрсдлийг тооцоход тулгуур болно. 

Хянах, үнэлэх, шаардлагатай тохиолдолд зорилгыг шинэчлэх зэрэг нь байж болох ба зайлшгүй хийгдээд явах зүйл болохыг анхаарах хэрэгтэй. 

  1. Бид ямар үнэ цэнийг хэрэглэгчиддээ хүргэж байгаа вэ? Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээ дундаас юугаараа ялгардаг, мөн, танай бүтээгдэхүүн нь ямар давуу тал, илүү үнэ цэнийг хүргэж байна гэдгийг хариултдаа бодолцох хэрэгтэй. Үнэ цэнэ гэдэг ойлголтын талаар онцлон хэлэхэд, энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээ тань үндсэн хэрэглээнээсээ илүү ямар ашиг тусыг хүргэж байгаа гэдэг агуулга юм.

Манай компанийн сошиал медиа сайт дээр үнэ цэнийн энэхүү утгыг илэрхийлсэн, Campbell компанийн шөлний маркетингийн видеог хэдэн сарын өмнө оруулсан. Савласан шөлний үндсэн хэрэглээ нь мэдээж хэрэглэгчийн идэх, хооллох хэрэгцээг хангах. Гэвч, илүү үнэ цэнийг шингээхийн тулд тухайн бүтээгдэхүүний савлагаа нь гарт барихад эвтэйхэн, савтай нь богино долгионы зуух буюу печьд халаах боломжтой, түүнчлэн, гар халаадаггүй гэх мэт шинж чанарыг агуулсан. Энэ нь бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгч буюу завгүй ээжүүдийн хувьд хэрэглэхэд маш хялбар болгож өгсөн. 

Энгийн хэрнээ эдгээр дөрвөн асуултуудыг тэр болгон компани, байгууллага хариулж чаддаггүй, эсхүл хариултаа тодорхойлож амжаагүй байдаг. Иймд, хариултаа тодорхой болгох нь зах зээлдээ давуу байр сууриа олох, бэхжүүлэх, үйл ажиллагаагаа төлөвлөн, амжилттай ажиллахад тань туслах болно. 

Анхааран уншсанд баярлалаа. Таны бизнест өндөр амжилт хүсье.

ДАРААГИЙН СЭДЭВ: “Үндсэн ур чадварт тулгуурласан бизнес” (МҮХАҮТ-н “Business & Development” сэтгүүл)