Таньд энэ өдрийн мэндийг хүргэе.

Энэ удаагийн нийтлэлээрээ, PwC Strategy& LLCстратеги+бизнес сэтгүүлд нийтлэгдсэн, стратегийг гүйцэтгэлээр хэрэгжүүлэхэд анхаарах 10 зүйлсийн талаарх (“10 Principles of Strategy through Execution”) нийтлэлийн үндсэн агуулгыг утгачлан орчуулан хүргэж байна.

Стратеги, гүйцэтгэл хоёрыг хооронд нь ойрхон, уялдаа бүхий байлгах нь нэн чухал. Танай стратеги хэрэглэгчиддээ үнэ цэнийг хүргэх танай амлалт буюу өнөө болон ирээдүйд өөр ямарч компани танайх шиг сайнаар хийж чадахгүй зүйлийг хэрэглэгчиддээ хийж өгөх тэрхүү амлалт юм. Стратеги тань, өдөр бүр танай компанийн давхрага бүр дэх хүмүүсийн мянга мянган шийдвэрээр хэрэгжиж байдаг.

Чанар, инноваци, ашигт ажиллагаа болон өсөлт тань танай стратеги, гүйцэтгэл хоёр хоорондоо хир үй зайгүй уялдаа холбоотой байгаас хамааралтай. Хэрэв тэд хоорондоо уялдаа холбоо бүхий бус, хэрэв та тэдгээрийг утга учир бүхий чиглүүлж чадахгүй бол хэт олон зорилгын төлөө ажиллаж, фокусаа алдах эрсдэлтэй ба энэ ч цөөнгүй тохиолддог. Саяхны Strategy&-н олон улсын 700 бизнесийн удирдлагынхнаас авсан судалгаанаас дүгнэхэд, дээд удирдлагынхаа зөвхөн 8 хувийг стратеги болон гүйцэтгэл дээрээ үр дүнтэй, сайн ажиллаж чаддаг хэмээн үнэлсэн байна.

Түүнчлэн, Strategy&-н энэ чиглэлээрх олон жилийн судалгаанаас үзэхэд, Apple, Amazon, Danaher, IKEA, Starbucks, Haier зэрэг нэр хүнд бүхий энтерпрайзууд нь уялдаа холбоо бүхий ажиллаж чаддагийг харсан. Тэд тодорхой үнэ цэнийг санал болгон, түүнийгээ өөрсдийн үндсэн ур чадвараараа бататгаж, хийж буй бүх зүйлдээ стратеги ба гүйцэтгэлийн хольцийг шингээж, хэрэгжүүлж чаддаг.

Эдгээр амжилттай явж байгаа компаниудын замаар ямарч компани явж болох ба үүний тулд стратегийг өдөр тутамдаа хэрэгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, компанийнхаа бусдаас ялгаруулж буй онцгой, цогц ур чадварыг хөгжүүлэн, өдөр тутмын бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хэрэгжүүлэн, стратеги, гүйцэтгэл хоёрыг хослуулна гэсэн үг. Үндсэн ур чадвар нь тухайн компанийн санал болгож буй үнэ цэнийг хүргэхийн тулд техник технологи, хүний ур чадвар, процесс, байгууллагын бүтэц зэрэг гүйцэтгэлийн бүх элементүүдийг нэгтгэж өгдөг.

Тэгэхээр, хэрхэн өдөр тутамдаа үүнийг хэрэгжүүлэх вэ? Стратегич болон хэрэгжүүлэгч нарыг хэрхэн үр дүнтэйгээр хамтран ажиллуулах вэ? Strategy&-н туршлагад суурилсан дараах 10 зарчим нь нийтлэг тохиолддог алдаанаас зайлсхийх, прогрессийг тань хурдасгахад туслах магадлалтай. Стратегийг гүйцэтгэлээрээ хэрэгжүүлж буй компаниудад эдгээр зарчмууд нь өдөр тутмын амьдралынх нь хэв маяг болж болох юм.

  1. Өндөрийг зорь.

Стратеги эсхүл гүйцэтгэлдээ буулт бүү хий. Зөвхөн санхүүгийн бус, харин бүтээгдэхүүн, үйлчилгээ, оршин тогтсоноороо илүү сайн сайхныг бүтээн, үнэ цэгийг үүсгэж буй, зоримог санаачлагыг стратегиараа тогтоо. Apple компанийн, “бүгдэд компьютер” хэмээх хэдэн жилийн өмнөх зорилго нь хувь хүний хэрэгцээнд зориулсан компьютерийн зах зээлийг хөгжүүлэхэд үүрэг роль гүйцэтгэсэн классик жишээ байдаг.

Гүйцэтгэлийн хувьд мөн адил өндөрийг зорь. Apple-р дахин жишээ авахад, тэд бүтээгдэхүүнийхээ дизайн, маркетингийн хэсэг бүр дээрээ онцгой анхааран ажиллаж, цуутай удирдлагч нарынхаа сэтгэлд хүртэл цөхрөлтгүй ажилладаг. Эс бөгөөс удирдагчид нь үл зөвшөөрдөг ба чухам энэ нь л Apple-г онцгой болгодог зүйлсийн нэг юм.

Энэхүү эхний зарчмыг хэрэгжүүлэхэд компанийн дээд удирдлага замыг нь тавьж, удирдаж явах ёстой. Зоримог зорилго тавин, эдгээр зорилтууд нь яагаад чухал болохыг тодорхой болгож, буулт хийхгүйгээр түүндээ үнэнч зүтгэх хэрэгтэй. Зоримог зорилгуудад тэвчээр, хугацаа хэрэгтэй. Стандартаа доошлуулалгүйгээр зүтгэн, зорилгодоо удахгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Удирдагчид л эр зоригтой, тууштай байхгүй бол өөр хэн ч байж чадахгүй. Чадварлаг боловсон хүчин ач холбогдол бүхий төслүүд дээр хамтран ажиллах, санхүүгийн хувьд үр ашгаа хүртэж эхлэх тэр цаг мөч санаснаас тань хурдан ирвэл харин түүнд гайхах хэрэггүй. Учир нь тэр цагт та өндрийг зорьсноо мэдэх ба таны байгууллага ажиллахад тааламжтай орчин санагдах болно.

  1. Чадвар дээрээ суурилан хөгж.

Танай компанид, бусдаас илүүтэйгээр хийж чаддаг, түүгээрээ бусдаас ялгардаг ур чадвар байгаа. Тэдгээрийг цааш цаашдынхаа амжилтыг бий болгоход эхлэлийн цэг болгон ашиглах хэрэгтэй. Он жил улирах тусам олон компаниуд үүнийгээ анзаарахаа болин, өөрсдийнх нь чадвар байгаа эсэхээс үл хамааран боломжуудыг хөөн, хамгийн сайн хийдэг, эсхүл хэрэглэгч нарынх нь хамгийн үнэлдэг тэрхүү чадвараа анзаарахаа больж эхэлдэг.

Тиймээс, гоц чадварыг тань бий болгож байгаа зүйлсээ анзаарах, хэт хүчлэлгүйгээр өндөр амжилтанд хүргэсэн жишээнүүдээ бодох хэрэгтэй. Энэхүү ур чадварыг бий болгоход нөлөөлсөн бүх зүйлсийг эргэн бодож, цаашид тогтвортойгоор амжилтанд хүргэх тэрхүү чадвар дээрээ хэрхэн суурилж хөгжих талаар бодолцох хэрэгтэй.

Өөрсдийн ур чадварыг мэдэх тусам, тэдгээр дээр суурилан хөгжих улам их боломжтой харагдана. Тэгэхээр, юуг хамгийн сайн хийж чадаж байгаагаа үргэлж анализ хийн, дата цуглуулан, дүгнэж байх хэрэгтэй. Үйл ажиллагааны талаар, сонголтуудын талаар, мөн санал болгож буй үнэ цэнийн талаар тухайн нөхцөл бүрд үргэлж сурах зүйл байдаг.

  1. Хослуул.

Бизнесийн утгаараа, стратеги болон гүйцэтгэлийг ижил түвшинд хослуулан менежлэх чадвар гэсэн утгатай. Жишээлбэл, хослуулж чаддаг менежерүүд аливаа төслийг мэргэжлийн болон үйл ажиллагааны зүгээс нарийн дитайлтайгаар мэдэхээс гадна, тухайн төслийн салбар дахь нөлөөг ойлгож чаддаг. Стратеги нь гүйцэтгэлээр биелэлээ олдог болохын тулд байгууллагын бүх хүн хослуулах чадварыг эзэмших хэрэгтэй.

Хослуулж чадахгүй байх нь архаг асуудлыг үүсгэхэд үндсэн нөлөө болдог. Жишээлбэл, IT-н мэргэжилтэнгүүд ERP сайжруулалтыг менежлэх, эсхүл шинэ аппликэйшнийг хөгжүүлэхдээ зөвхөн гүйцэтгэл дээр төвлөрбөл тухайн компанийнхаа бизнесийн стратегийг дэмжсэн шийдэл санал болгохын оронд харилцагчийн бага ханш, туршлагад татагдах магадлалатай. Компанийн хэрэгцээтэй чадварыг нийлүүлж чадаагүй суурилуулалт хийгдэх тэр үед төлөвлөгдөөгүй засварууд шаардлагатай болж, түүнийг даган өртөг өндөрсөж, худалдан авалтын амлалтыг биелүүлэхгүйд хүрнэ.

Хэдий дээд удирдлага тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх албагүй ч зөв шийдэл гаргах хэмжээнд технологи болон үйл ажиллагааны зүгээс нарийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Удирдагч нар хослуулж эс чадваас, чаддаг нэгэнд гүйцэгдэх болно.

Практик, процесс, мөн хүндээ хослуулах чадварыг суурилуулан хөгжүүл. Жишээлбэл, жилийн төсвийг гаргах дасгалдаа, зүйл бүрийн харилцаа холбоог компанийн стратегитай уялдуулан тайлбарлуулан, компанийн ямар үндсэн ур чадварыг дэмжин, хөгжүүлж байгааг тайлбарлуулж болох. Энэхүү аргачлал нь цаг хугацаа өнгөрөх тусам хөрөнгө оруулалтыг илүү стратеги үндэслэлтэйгээр төслүүдрүү чиглүүлэх боломжийг нээж өгнө.

  1. Хүн бүрийн стратеги үүргийг тодорхой болго.

Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож буй хүн бүр, тэд хаана байх, эсхүл ямар түвшинд байгаа эсэхээс үл хамааран, байгууллагын өмнөөс байнгын шийдвэр гарган ажилладаг. Тэд хэрэв стратегийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй бол стратеги харилцагчдад хүрэхгүй. Санхүүгийн болон бусад урамшуулал нэг хэсэг л үйлчлэнэ. Ажил нь яагаад чухал болох, түүнчлэн, компанийн хөгжил нь тэдний өөрсдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар ойлгохгүйгээр хүмүүс зүтгэлтэй, тууштай байж чадахгүй.

Нэгэн жишээ дурьдахад, Саудын Арабын Иргэний тээврийн ерөнхий газрын удирдлагууд улсынхаа 25 онгоцны буудлын менежментийг сайжруулахыг шийдэхдээ, улсынхаа хамгийн том онгоцны буудал болох Риадхыг төвлөрлийн цэг болгохоор зорьжээ. Аутсорсинг хийж, онгоцны буудлын үйл ажиллагааг сайжруулан, ихийг хийсэн боловч өөрчлөлт гарсангүй. Ингээд, тухайн онгоцны буудлын дарга нь захирлууд болон зарим хэлтсийн дарга нараа цуглуулан, үйл ажиллагааны жижиг асуудлууд нь зөвхөн гүйцэтгэлийн асуудал биш, харин тухайн онгоцны буудлын Африк, Ази, Европ дахь худалдаа болон логистикийн төв болох улсын зорилгыг биелүүлэхэд саад тотгор болж байгааг тайлбарласан байна.

Дарга нь мөн ажилтан ажиллагсадтайгаа, тус тусдаа ажилладаг хэлбэрийг болиулах, үйл ажиллагааг сайжруулах талаар нухацтай уулзалтуудыг хийсэн байна. Үйл ажиллагааны жижиг сайжруулалт бүр улсыг аялал зуучлал, логистикоороо бусад улсад таниулах, тэднийг татах боломжийг нээж өгнө гэсэн уриаг уулзалтуудаараа тогтмол хүргэж байж. Энэ нь ажилтан ажиллагсдад онгоцны буудлын үйл ажиллагааг амжилттай ажиллуулахад эргэлтийн цэг болсон байна.

  1. Бүтцээ стратегитайгаа уялдуул.

Удирдлагын тогтолцоо, шийдвэр гаргах эрх, урамшуулал, хэмжүүр үзүүлэлтүүд зэрэг байгууллагынхаа бүх бүтцийг компанийнхаа онцлогийг бий болгосон үнэ цэнэ, ур чадвартаа тулгуурлан зохион байгуул. Компанийн бүтэц тань стратегиа дэмжихгүй бол түүнийг дахин шинэчлэх, өөрчлөх талаар бодолц. Эс бөгөөс, энэ нь замын садаа болно.

Жишээлбэл, дуудлагын төвийн /call center/ ажилтнуудын дуудлагын үр дүнг хэмждэг хэмжүүрийг бодолцъё л доо. Ихэнхи компанид эдгээр ажилтнууд нь өгөгдсөн текстийг унших ёстой байдаг ба хэрэглэгчийн бухимдлыг төрүүлсэн нь хамаагүй, текстэнд өгөгдсөн бүх зүйлийг л хэлэх ёстой байдаг. Үүний оронд, компанийн стратегийг ажилтан бүрд өөрийн болгон суулгаж, тэдний хэрэглэгчийн асуудлыг шийдэхэд хэр авхаалж самбаатай, чадварлаг ажилласныг дүгнэдэг байвал илүү дээр байх байсан.

Danaher хэмээх 25 гаран салбар компанитай, шинжлэх ухаан, техник технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг конгломерэт нь зөвхөн 8 үндсэн үзүүлэлтээр амжилтаа хэмждэг. Үүнд, 4-н санхүүгийн үзүүлэлт, 2 хэрэглэгчид суурилсан үзүүлэлт, 2 ажилтан ажиллагсдад холбоотой үзүүлэлт ордог. Датад тулгуурласан шинжилгээ дүгнэлтүүд хийн, хүн бүр таргетдаа хүрч буйг харах боломжтойгоор байрлуулсан байдаг аж. Ингэснээр уулзалтууд үр дүнтэй болж, ажиллагсад хариуцлагаа мэдрэн, шалгуурыг давахын төлөө урам орон ажилладаг байна.

Дата анализ хөгжин, хэмжүүр үзүүлэлтийг шинэчлэн хөгжүүлэхэд нэмэр болох түвшинд хүрч байна. Гүйцэтгэлийн датаг дүгнэхэд менежментийн мэдээллийн систем шаардлагатай ба өгөгдөл хэдий түвэгтэй, цогц байсан ч эцсийн үзүүлэлтүүд тодорхой, жигд аргачлалыг бий болгоход чиглэсэн энгийн, хялбар байх хэрэгтэй. Байгууллагын бүтэц нь үндсэн ур чадварыг тань хүчирхэгжүүлэн, стратеги зорилгуудыг биелүүлэхэд төвлөрөх хэрэгтэй.

  1. Нэгж хэсгүүдийн хоорондын хязгаарыг давж гар.

Чадвар нь нэгжүүдийн хязгаарыг үргэлж давдаг. Жишээлбэл, Starbucks-н хэрхэн зөв орчныг бүрдүүлэх ойлголт, Haier-н захиалгын дагуу гэрийн тавилга түргэн шуурхай үйлдвэрлэх, Amazon-ийн шинэ техник технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх чадвар зэргийг бодолцоорой. Эдгээр компани бүгд өөр өөр нэгж хэсгүүдийн хүмүүсээ энгийн бөгөөд бүтээлчээр хамтран ажиллуулдаг. Хамтын ажиллагаа сайн байх тусам, түүнчлэн компанийн дотоод соёл үүнийг дэмжих тусам, дэвшилт илүү үр дүнтэй.

Харамсалтай нь олон компаниуд нэгж хэсгүүдээ тус тусад нь ажиллуулснаар өөрсдийн чадвар, чадамжийг санамсаргүйгээр бууруулдаг. Нэгж хэсгүүдийн удирдагч хамтран хүрч чадах амжилтаас илүү өөрсдийн хийж чадах сайн зүйл дээрээ төвлөрөх, эсхүл дээд удирдлага гүйцэтгэлийг тухайн мэргэшсэн боловч компанийн үндсэн чиг баримжааг бүрэн хараагүй хүмүүстээ даалгах зэрэг асуудлууд байдаг. Жижиг зорилтууд нь хоорондоо зөрчилдөн, баг хоорондын өрсөлдөөнийг үүсгэн, компани томрох тусам эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэцүү болдог.

Энэ циклийг болиулахын тулд, нэгж бүрээс чадварлаг хүмүүсийг нэгтгэн, байгууллагын үндсэн ур чадварыг бүтээх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх багийг бий болгож болно. Баг бүрт удирдагчийг томилон, тэдгээр удирдагч нар байгууллагынхаа бүх үе шатанд нэр хүнд бүхий байж, гүйцэтгэлийн урамшууллыг тогтоох эрхтэй байна. Багийн гишүүдийг тэдний үндсэн нэгж хэсгүүдтэй нь нягт холбоотой байлгах нь чухал ба ингэснээр бусад хүмүүс тэднийг байгууллагын нийтлэг хөгжилд хувь нэмэр оруулагч хэмээн харахад туслана.

  1. Дижитал энтерпрайз бол.

Хэрэглэгч, ажилтан ажиллагсад, харилцагч нартаа шинэ туршлага, харилцааг тогтоохуйц, компанийн хөгжлийг авчрахуйц дижитал технологи нэвтрүүл. Технологийг ингэж хэрэглэж үл чадваас IT-д оруулсан хөрөнгө оруулалт тань үргүй зардал болж, хүчирхэг шинэ ур чадвар хөгжүүлэх потенциалыг тань биелэл болгохгүй.

Дижитал болсноор урьд хожид боломжгүй байсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг санаачлагыг хэрэгжүүлэхэд туслан, стратеги сонголтуудыг тань нэмэгдүүлэх болно. Дижитал технологийг хэрэглээ болгох нь хуучны үнэтэй IT системүүдийг болиход хүргэхэд гайхах хэрэггүй. Ухаалаг утасны харилцаа холбоо, мэдээллийн тасралтгүй урсгал нь харилцагч, ажилтан ажиллагсдын компаниас хүлээх хүлээлтийг өндөрсгөн, тэднийг дижиталлаар чадварлаг байх хүлээлтийг үүсгэж байна. Дижитал системээ бүхэлд нь солихоос илүүтэйгээр зарим компаниуд өөрсдийнх нь үндсэн ур чадвартай шууд холбоотой хөрөнгө оруулалтыг IT-даа оруулж байна.

Үүлэн технологи нь урьд урьдынхаас илүү их боломжийг олгож байна. Хурдацтай байж, зардлыг бууруулахын тулд зарим технологийн үйл ажиллагаагаа аутсорсинг хийж, бизнестээ онцгой хамааралтайгаа авч үлдэх боломжийг олгож байна. Суурилагдсан сенсор, аналитикыг ашиглан өртгийн сүлжээндээ мэдээллийг хуваалцан, илүү үр бүтээлтэй хамтран ажиллах боломжтой болсон. Ингэснээр, хамгийн том даваа нь үнэ болон хэрэгжүүлэлтийн саад тотгор бус, харин бизнесийн стратеги, хэрэглэгчийн хэрэглээ, технологийн чадавхиа өөрсдийн онцлогт тохируулан, хэрхэн уялдаа холбоотой ажиллуулж чадаж буй чадварт орших боллоо.

  1. Хялбар байлга.

Хэдийгээр компанийн удирдлагууд цөөхөн бүтээгдэхүүнтэй, тодорхой, энгийн өртгийн сүлжээтэй, цөөхөн төсөлтэй байхыг хүсдэг боловч, энэ нь санаснаар хялбархан бүтдэггүй. Том компаниуд нь цаанаасаа цогц, ур чадварууд нь олон талтай, хэрэглэгчид олон зүйлийг хүсдэг, дотоод группууд нь бие биетэйгээ зөвлөлдөхгүйгээр шинэ бүтээгдэхүүн, процесс үүсгэх гэх мэт асуудлууд байдаг. Хэдий үе үе цэгцэлдэгч нарийн түвэгтэй байдал эргээд бий болж, үүнтэй уядлан өртөг, хүнд суртлын хэлбэрүүд дагалдан бий болдог.

Үргэлж энгийн байхыг эрэлхийлэх нь үүний хариулт юм. Гэхдээ нарийн түвэгтэй байдал бүр хоорондоо адилгүй ба танай хувьд үнэ цэнийг бүтээж буй зүйлээ саад тотгор болж буй зүйлээс ялгаж салгах нь чухал. Стратегиа чадвартайгаа уялдуулахын нэг том давуу тал нь үйл ажиллагаагаа илүү тодорхой харахад тусалдаг.

Жишээлбэл, компьютерийн техник хангамжийн тэргүүлэгч компани болох Lenovo нь Хятад, АНУ-д толгой компаниудтай ба хоёр өөр зах зээлийг дамнасан инновацийг нэвтрүүлэх стратеги дээр тулгуурлан ажилладаг. Тэдний нэг төрлийн хэрэглэгчид нь их хэмжээгээр худалдан авдаг, тусгайлан хийгдсэн програм хангамж хэрэглэдэг, ихэвчлэн IBM-н хуучин хэрэглэгчид байдаг бол нөгөө бүлэг хэрэглэгчид нь хувь хүн, жижгэвтэр компаниуд ба ихэвчлэн ганц нэгээр худалдан авалт хийдэг, цөөхөн модель сонирхдог, үнэ, хэрэглэгчийн хэрэглээг урьтал болгодог хэрэглэгчид байдаг аж.

Lenovo нь эдгээр бүх төрлийн хэрэглэгчиддээ хүрч ажиллахыг тул маш сайн хөгжүүлсэн техник болон програм хангамжийн инновацилаг чадварыг хөгжүүлсэн байна. Эхний төрлийн хэрэглэгчиддээ зориулсан нийлүүлэлтийн сүлжээ нь нарийн түвэгтэй. 2013 онд Хойд Каролинад байгуулагдсан үйлдвэр нь түргэн тээвэрлэх, томоохон ба тусгайлан хийгдэх захиалгыг авах зориулалтаар байгуулагдсан байна. Харин арай өртөг багатай байрлалуудад хоёрдагч төрлийн хэрэглэгчиддээ зориулсан үйлдвэрээ барин, арай хялбар нийлүүлэлтийн сүлжээтэйгээр ажилладаг ажээ.

Хялбар байлгах нь тиймээс бодсоноос ч амаргүй ба үүний гурван гол концепц нь: Нэгдүгээрт, аль болох энгийн байх; Хоёрдугаарт, компанийн стратеги тань процессийг хэр нарийн түвэгтэй болгохыг чиглүүлэх; Гуравдугаарт, зах зээл, хэрэглэгч нартаа үйлчлэхэд шаардагдах ур чадварыг хөгжүүлэх юм.

  1. Өртгийн сүлжээгээ төлөвлө.

Ямарч компани арал биш. Бүх бизнес бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өртгийн сүлжээнийхээ нэг хэсгээс нөгөө хэсэг хүртэл явуулахад бусад компанийн хамтын ажиллагаа, нетворкт түшиглэх хэрэгтэй. Тэдгээр түншлэгч гүйцэтгэлд нэгэнт хамтран ажиллаж байгаа тул стратегид ч мөн идэвхитэй оролцоотой байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тэдэнд стратегиа ойлгуулан, итгүүлэх, түншлэлээ дараагийн түвшинд аваачихад дуртай байх тэр нөхцлийг бүрдүүлэх нь чухал. Түүнчлэн, стратегидаа тууштай байгаагаа санхүү, аналитик, үйл ажиллагааны чадавхиараа баталгаажуулах хэрэгтэй. Жишээлбэл, Бразилын косметикийн компани Amazon-н ойн тосгонуудаас бүтээгдэхүүнийхээ орцыг авч эхлэхдээ, ханган нийлүүлэгчтэйгээ харилцаагаа сайн байлгах нь түүхий эдийн тогтвортой байдлыг бий болгож байгааг ойлгосон ба түүнээс гадна, ханган нийлүүлэгчдийн орон нутагт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй болохыг олж мэдсэн байна. Тэд энэ харилцаагаа эдийн засгийн хэцүү үед ч хадгалж чадсан ажээ.

Өртгийн сүлжээ дамнасан аналитик болон процессдоо орчин үеийн дижитал технологийг ашиглах хэрэгтэй. Урьд нь үйл ажиллагааг хэрэглэгчийн санал хүсэлттэй холбоход босоо интеграц хэрэгтэй байдаг байсан. Жишээлбэл, Inditex нь Zara-н дэлгүүрүүдийг дизайн, үйлдвэрлэлийн багтай холбосон дотоод нетворк үүсгэсэн байсан нь бодит худалдан авалтыг тодорхойлон, өртгийг хянахын зэрэгцээ хурдан зарагдаж буй зүйлсийг худалдах боломжийг Zara-д олгон, Inditex-н өөрсдийнх нь хувьд өрсөлдөгч нарынхаа дунд ашиг, өсөлтийн хувиараа тэргүүлэх боломжийг олгосон.

Inditex-н энэхүү системээ хөгжүүлж байх үед босоо интеграц нь энэ төрлийн интеграцид шаардлагатай байсан. Харин одоо техник технологи өөрчлөгдөн, үүлэн суурьт компьютерийн орчинд босоо интеграцчлал хэрэггүй болсон. Бизнесийн нэгдсэн платформыг  хэрэглэн, адил хэмжээний үр дүнд хүрч болно. Хэд хэдэн компанийн хооронд бодит датаг тогтвортой хуваалцсанаар эдгээр платформ нь оролцогч компани бүрд илүү зоримог стратеги зорилгууд тавин ажиллахад туслана.

  1. Коллективыг сайжруулан, хөгжүүл.

Шийдвэр гаргах, зөвшөөрөх дотоод дүрэм журам их байх тусам тэр хэмжээгээр удааширдаг. Үүнээс үүдэн, стратегийн ач холбогдолтой, тэр бүү хэл оролцогч талуудын бодлыг мэдэхгүйгээс шийдвэр гаргаж чадахгүй байх нь удирдагч нарыг бухимдуулсан гол асуудал байдаг. Өнөөгийн үсрэнгүй хөгжлийн энэ үед компаниуд энэ маягаар цаг хугацаа алдан, зардал гаргаж болохгүй.

Үүний эсрэг сонголтыг бид коллектив чадвар буюу хамтын ажиллагаа гэж нэрлэж байна. Энэ нь стратегийг гүйцэтгэлээр хэрэгжүүлж буй компаниудад ихэвчлэн байдаг дотоод соёл юм. Дотоод харилцаа холбоо чөлөөтэй, нээлттэй, тогтмол явагдаж эхлэхэд энэхүү хэв маягт ордог. Стратегич тань нэгжийн мэргэжилтэнгүүдтэй чөлөөтэй ярилцаж чадсанаар юу болох, эсхүл болохгүйг ойлгоно. Нэгжийн мэргэжилтэнгүүд зөвхөн юу хийх ёстойгоо мэдэхээс гадна яагаад энэ нь чухал болохыг мөн мэддэг болно. Хэнтэй, хэзээ зөвлөлдөхөө сайтар мэддэг болсон тул хүн бүр хурдан шуурхай, шийдэмгий байна. Нийтийн төлөө шийдвэр гаргана гэдэгт хүмүүс бие биедээ итгэдэг болно.

Цахиурын Хөндийгийн олон компаниудын шинж чанар коллектив чадварыг сайн эзэмшсэнд оршдог. Хүмүүс сурах явцдаа алдаа гаргах магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул эдгээр компаниудын соёл нь эрсдэлтэй алхам хийхийг үгүйсгэдэггүй. Хүмүүс хамтран ажиллагсдаа энгийн, хурдан сэтгэдэг, их зангүй байх хүлээлттэй байдаг. Тухайн систем, процесс нь үнэ цэнэ үүсгэж буй тохиолдолд тэдгээрийг мөрдөн, дагах ба бусад тохиолдолд тэдгээрийг ойшоохгүй байх магадлалтай. Иймэрхүү соёлд хүмүүс үр дүн гаргахдаа төвлөрч чаддаг.

Коллектив чадварыг хөгжүүлэхэд цаг хугацаа ордог. Өндөр итгэлцэл, энгийн харилцаа тогтсоноор байгууллагын дотоод нэгжүүдийн хамтын ажиллагаа сайжирч, хүмүүс өөр өөр үзэл бодолтой байсан ч бие биенийхээ бодож буйг илүү ойлгох түвшинд хүрдэг.

Энэ түвшинд ажиллахын тулд илүү уян хатан байх хэрэгтэй. Гэвч энэ нь стратегиа болих гэсэн үг биш юм. Гол нь, ялалт авчрах чадах ур чадвар байгаа тэдгээр боломжуудыг та хөөцөлдөх хэрэгтэй. Өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсээ мэдсэнээр хамгийн чухал хэрэглэгчидтэйгээ ойрхон байж, ажилтан ажиллагсаддаа бие даах чадвар, боломжийг олгоно. Стратеги бус асуудалд бага оролцож эхлэх тул алдаж болохгүй тэрхүү боломжууд гарч ирэхэд та анхаарал, нөөц бололцоогоо тэдгээрт дайчлах боломжтой болно. Үүний зэрэгцээ, коллектив чадвар нь төслүүдийг хэрэгжүүлэн, түүнээсээ суралцах боломжийг олгодог тул туршилт хийхэд амархан болгодог. Ийнхүү өндөр түвшний уян хатан чанар нь эдийн засгийн тогтворгүй орчинд оршин тогтноход чухал.

Төгсгөлд нь дурьдахад, эдгээр стратегийг гүйцтгэлээр хэрэгжүүлэх 10 зарчим нь бизнесийнхээ зорилгуудыг хэрэгжүүлэхэд тусалдаг. Энэ нь хүмүүс хаашаа явж байгаа, хэрхэн тэнд хүрэхээ мэддэг болгож, шинэ төрлийн соёлыг суурьшуулна. Хөгжүүлж буй чадвар, санал болгож буй үнэ цэнэ тань ямар нэгэн хүн хийхээс илүү байх болно. Зөв уур амьсгал бүрдүүлснээр зөвхөн оддыг хараад зогсохгүй, бодсоноосоо ч илүү хэмжээнд хүрэх боломжийг нээж өгнө.■

 

Эх сурвалж: http://www.strategy-business.com/article/10-Principles-of-Strategy-through-Execution?gko=7f785