“Сайн стратеги/ Муу стратеги: Ялгаа ба яагаад чухал”

01.30.15_(web)_pictureРичард П. Румелт нь 40 гаруй жил стратегийн салбарт хувь нэмэр оруулж буй туршлагатай зөвлөх, багш, онолч хүн. Тэрээр 2011 онд өөрийн туршлага, мэдлэг, судалгаанд үндэслэн Сайн стратеги/ Муу стратеги: Ялгаа ба яагаад чухал нэртэй номоо хэвлүүлсэн ба энэ нь Forbes, Financial Times, Strategy+Business, McKinsey зэрэг олон нэр хүнд бүхий байгууллага, удирдлага, мэргэжил нэгт хүмүүсээс өндөр үнэлгээ авсан ном болсон. 

Сайн стратеги/ Муу стратеги: Ялгаа ба яагаад чухал номондоо Румелт ямар стратегийг сайн гэж үзэх үү, ямар стратеги нь муу, тэдгээрийг хооронд нь хэрхэн ялгаж танихыг онол болон маш олон бодит амьдралын жишээтэй холбож тайлбарласан нь түүний номыг ойлгомжтой, сонирхолтой болгосон.

Ном нь сонсох (audio book) болон хэвлэмэл хувилбараар олон нийтэд хүрсэн. Сонсох хувилбар нь 10 диск бүхий нийт 11 цаг 48 минутын бичлэг, хэвлэмэл хувилбар нь нийт 336 хуудастай ном байдаг.

Румелт номынхоо товч танилцуулгыг 2011 онд Лондонгийн Эдийн Засаг, Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургууль дээр хийсэн нь YouTube дээр гарсан. Энэхүү YouTube-н бичлэгийн гол агуулгыг орчуулан та бүхэнд хүргэж байна.

Ричард Румелт стратегийг “[strategy] is getting back to basics ” буюу “Стратеги нь энгийн зүйлээ эргэж харах” хэмээн онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, ганган хээнцэр үг хэллэг, танилцуулга презентац, график диаграмм гэхээс илүүтэйгээр тулгарч буй асуудлыг бодитоор анализ хийн дүгнэж, тэдгээрийг шийдвэрлэсэн алхамуудыг учир шалтгаантайгаар тодорхойлох нь сайн стратеги боловсруулахын үндэс байна.

Олон байгууллага стратегитай гэх боловч тэдгээр нь ихэвчлэн гүйцэтгэлийн зорилтууд, бүдэг хүсэл тэмүүлэл байдаг. Мөн бүх юмыг хийж чадах, бүх зүйлрүү орсон, хийсэн хоосвор зорилтууд нь олонтоо стратеги хэмээн тооцогддог аж.

Муу стратегийг тодорхойлох дөрвөн гол шинж тэмдэг байдаг. Үүнд [26:44]:

  1. Стратеги нь зөвхөн зорилгууд байх (“all goals ”)
  2. Стратеги нь хийсвэр үгс байх (“all fluff ”)
  3. Асуудал тодорхойгүй байх (“no problem ”)
  4. Хийх юмны урт жагсаалт байх (“dog’s dinner or a long list of things ”).

Зарим компани санхүүгийн төлөвлөгөө, хийх ажлын жагсаалт, эсхүл хүрэхийг хүсч буй мөрөөдөл дээрээ тулгуурлан зорилтууд тавьж, эдгээрийг стратеги хэмээн нэрлэх нь нийтлэг байдаг. “International Harvester”-н санхүүгийн прогноз, банкны ганган боловч хоосон уриа лозон, Америкийн засгийн газрын зүгээс ажилгүйдлийг бууруулах хөтөлбөр зэрэг нь муу стратегийн бодит жишээнүүд юм.

Румелт сайн стратегийг “ Стратеги нь хэцүү, өндөр эрсдэл бүхий бэрхшээлийг даван туулахын тулд боловсруулсан бодлого, алхамын уялдаа бүхий хослолыг хэлнэ. Энэ бол салбарын анализ биш. Зорилго биш. Мөрөөдлийн жагсаалт биш. Энэ бол хэцүү бэрхшээлүүдийг даван туулахад зориулагдсан бодлого, алхамуудын боловсруулалт ” хэмээн тодорхойлсон байдаг [34:40].

Сайн стратегийн шинж чанарыг ургамлын голтой (kernel) зүйрлэн, тэрхүү голоос үүдэн стратеги боловсруулах үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлсон. Үүнд:

  1. Шинжилгээ буюу асуудлын үндсэн чанарыг тодорхойлох (Diagnosis: Nature of the challenge/problem)
  2. Удирдан чиглүүлэх бодлого буюу үндсэн арга барилыг боловсруулах (Guiding Policy: What’s our basic approach?)
  3. Уялдаа холбоо бүхий алхамуудыг авах, хэрэгжүүлэх (Coherent Action).

Дээрх үндсэн бүрэлдэхүүнийг хангахаас гадна Румелтийн санал болгосноор хүчирхэг сайн стратегийг боловсруулахын тулд дараах зүйлсийг анхааран ажиллах шаардлагатай байдаг [37:15]. Үүнд:

  1. Асуудлыг шинжлэх: Асуудлын уг үндсийг тодруулж, ойлгохгүйгээр цааших стратеги алхамууд боловсруулагдаж чадахгүй.
  2. Авах арга хэмжээнүүдээ уялдаа бүхий болгох: Фокус (төвлөрөл) нь стратегийн суурь байдаг. Стратеги нь эргэн тойрны орчноо ойлгож, урьдчилан таамаглаж, өөрийн хүсч буй зорилтдоо хүрэхийн тулд хүч чадал, нөөц бололцоогоо уялдуулах явдал юм. Стратегийн давуу тал нь тэрхүү фокус, уялдаа холбоо байдаг.
  3. Мэдрэмж, ойлголттой байх: Стратеги нь мөн чанарын мэдрэмж, ойлголттой байхыг хэлнэ. Ямар нэг матрицын үзүүлэлтийг сонгох биш.
  4. Ойрын зорилтуудаа тодорхойлох: Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд ойрын зорилтуудыг тодорхойлох. Өөрөөр хэлбэл, асуудлыг даван туулахын тулд өнөөгийн байдлаар буюу нэгээс хоёр жилийн хугацаанд бодитоор хийгдэж болохуйц, боломжит зүйлсийг хийх.
  5. Өөрчлөлт, шинэчлэлтэй нийцэн алхах: Зах зээлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, тэдгээрт тохирсон алхамуудыг авах. Жишээлбэл, Microsoft, Cisco, Apple зэрэг компаниуд технологийн зах дээл дахь өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан өөрсдийн алхамуудыг хийсэн.
  6. Гинжин холбоосуудыг анхаарах: Аливаа системийн давуу байдлыг үүсгэхийн тулд эдгээрийг бүрдүүлж буй хэсэг бүр сайн байх нь чухал. Жишээлбэл, үйлдвэрийн капитал хангалтгүй байлаа гээд хүн хүчийг нэмэгдүүлэх бус аль аль функц нь ижил түвшинд сайн ханган ажиллах хэрэгтэй.
  7. Зогсонги байдал ба аажмаар замхран, цэгцгүйрэхийг тооцоолох: Аливаа компани өөрсдийнхөө хамгийн том асуудал нь байх магадлалтай. Энтропи буюу үйл ажиллагааны цэгцгүй байдал аажим аажмаар үүсэн, эдгээрийг өөрчлөх, сайжруулах оролдлого хийхгүй байх нь компаниудад нийтлэг тохиолддог. General Motors (GM)-н бүтээгдэхүүний концепт жил ирэх тутамд алдагдсаар, компанийн өөрийн салбарууд хоорондоо өрсөлдөж эхэлсэн нь үүний нэг том жишээ болдог.

Ричард Румелт эцэст нь дүгнэн хэлэхдээ:

Муу стратеги нь хийсвэр хоосон үгс байдаг. Хэрхэн хүрэхээ тодорхойлохгүйгээр хаана хүрэхээ хэлэлцдэг. Асуудлын уг үндэсийг тодруулалгүй төлөвлөснөөр хэн ч тэр төлөвлөгөөний сайн, муу эсэхийг дүгнэж чаддаггүй. Учир нь ямар асуудлыг шийдвэрлэх гээд байгаа нь тодорхойгүй байдаг.

Сайн стратеги нь олон шинж чанартай ба тэдгээрийн гол үндэс нь хүч чадал, оролдлогоо төвлөрүүлэх (focus energy). Энергиэ тал тал тийш нь цацах бус, харин ойрын хугацаанд биелэгдэхүйц хамгийн чухал, барагцаалж болохуйц зорилго дээр төвлөр.

 

Resources:

YouTube: https://www.youtube.com/watch?v=UZrTl16hZdk

Website: http://goodbadstrategy.com/about-the-book/