Стратегиа боловсруулах (1-р хэсэг)

http://www.mindtools.com/pages/article/developing-strategy.htm

Сайн байна уу,

Энэ удаад MindTools вебсайтаас стратеги боловсруулах үе шатуудын ойлголтыг өгөхүйц мэдээллийг орчуулан оруулж байна.

Нилээн урт мэдээлэл /артикль/ тул хэсэгчлэн оруулъя.

Стратегиа боловсруулах

Амжилтанд хүрэх замаа тодорхойлох

“Ирж буй хугацаанд та хэрхэн ялах вэ?” Энэ нь стратеги боловсруулахад орших хамгийн чухал асуулт юм.

Ямар нэгэн зүйлийг ялах буюу хожиход тоглоомын төлөвлөгөө хэрэгтэй байдаг. Мэргэжлийн спортынхон үүнийг мэддэг, энэ санаа ч таны байгууллага, хэлтэс, баг, тэр битгий хэл таньд хүртэл хувь хүний үүднээс хамааралтай.

Амжилттай байна гэдэг нь өөрийн авъяас чадвар, нөөц боломжийг хэрхэн хамгийн үр дүнтэйгээр ашиглахаа мэдэх ба энэ тоглоомын төлөвлөгөө байхгүй бол “ялах”-д тун хүндрэлтэй.

Иймээс, дараахь артикль нь стратеги боловсруулахад бодолцохуйц нийтлэг ойлголт, системчилсэн аргачлалыг танилцуулж байна.

 

Стратегийн аргачлал

Өрсөлдөөн, ашигтай ажиллах зэрэг үзүүлэлтүүд чухал байдаг ашгийн байгууллагын зорилгууд нь ашгийн бус ба төрийн байгууллагуудаас ялгаатай байдаг. Үүний адил, хэлтэс, албадын зорилтууд нь байгууллага өөрийн үндсэн зорилтуудаас өөр цар хүрээтэй байдаг.

Жишээлбэл, цар хүрээ, нөхцөл байдлаас шалтгаалан, дараах зорилгоор стратегиа боловсруулахыг хүсч болох юм. Үүнд:

  • Ашиг орлогыг нэмэгдүүлэх
  • Зах зээлийн эзлэх хувиа нэмэгдүүлэх
  • Үнэлгээгээ сайжруулах буюу хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
  • Төсөвтөө багтаан төслөө дуусгах.

Стратегиа тодорхойлохдоо өөрт нөлөөлж буй болон нөлөөлж болохуйц гадаад, дотоод орчноо бүрэн дүүрэн ойлгох шаардлагатай. Үүнийг мэдсэнийхээ үндсэн дээр өөрийн давуу чанарыг олж тогтоон, тэдгээрийг амжилтанд хүрэхдээ ашиглах боломжтой. Үүнээс үндэслэн мэдээлэл дээр суурилсан сонголтуудыг хийн, стратегиа үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадах болно.

Стратеги боловсруулахад дараах гурван үе шаттай процессыг дагаж болно. Үүнд:

  1. Үйл ажиллагаа явуулж буй буюу оршин тогтнож буй нөхцөл байдлаа шинжлэх
  2. Стратеги сонголтуудаа тодорхойлох
  3. Хамгийн сайн сонголтуудыг дүгнэн, сонгох

Ингээд эдгээр процессийг, стратегиа боловсруулахад туслахуйц зарим арга хэрэгслийн хамт тоймлон үзье.

 

Үе шат 1: Үйл ажиллагаа явуулж буй буюу оршин тогтнож буй нөхцөл байдлаа шинжлэх

Энэ үе шатанд өөрийгөө болон өөрийн орчин тойрноо бүрэн дүүрэн мэдэж, ойлгох хэрэгтэй. Үүний тулд:

  • Байгууллагаа шинжлэн дүгнэ

Эхлээд өөрийн нөөц бололцоо, зайлшгүй хариуцлага, чадвар, давуу сул талууд зэргээ шинжил. Үүнд SWOT Analysis нь өөрийн сайн хийж чаддаг зүйлс болон сул талыг олж мэдэхэд тохиромжтой хэрэгсэл. Стратеги давуу тал дээр суурилсан байх нь зорилтууддаа хүрэхэд дөхөмтэй.

Мөн үндсэн чадварууд буюу Core Competencies-аа дүгнэ. Эдгээр нь таны өвөрмөц давуу талыг тодруулан, өрсөлдөгчөөсөө ялгарах тал дээр бодолцоход туслана.

  • Орчин тойрноо шинжлэн дүгнэ

Хаашаа чиглэж байгааг таамаглахын тулд өнөөгийн хүрээлэн буй орчноо шинжлэх хэрэгтэй. Сонирхолтой боломжууд байна уу? Танай салбарын ирээдүйн дүр төрх ямар байна? Эдгээр нь танай ажилд хэрхэн нөлөөлөхөөр байна?

PEST Analysis, Porter’s Diamond, Porter’s Five Forces – зэрэг хэрэгслүүдээр нь орчин тойрноо шинжлэхэд хэрэглэхүйц эхлэлийн хэрэгсэлүүд байж болно. Эдгээр нь гадаад макро орчин дахь байр суурийг тань, тухайлбал ямар үед хүчирхэг, ямар үед асуудал бүхий, байгааг тань тодорхойлдог.

Стратегиа боловсруулахдаа өөрчлөгдөж буй орчин нөхцөлдөө сөрөлдүүлэн бус, уялдуулан ажиллахаар төлөвлөөрэй. Эдгээр нь ихэвчлэн таны хяналт, контролоос гадуур тул эдгээр элементүүдийг өөрчлөхийг шаардсан стратегийг хөөцөлдвөл хүч чадал барсан, үр ашиггүй замаар явах болно.

Tip:

TOWS матриц нь дотоод, гадаад анализыг хийхэд туслана. Энэ аргачлал нь SWOT анализийг хийх явцад олж мэдсэн бүх зүйлийг нэгтгэн, давуу тал болон боломж дээр суурилсан стратеги боловсруулахад хэрэглэгддэг.

  • Хэрэглэгч, оролцогч талуудаа дүгнэ

Стратеги тань хэрхэн ялахыг тодорхойлдог, харин ялах нь хэрэглэгчээ хэрхэн сэтгэл хангалуун байлгаж байгаагаас тодорхойлогддог. Ашгийн байгууллагуудын хувьд хэрэглэгч, хувьцаа эзэмшигч нараа сэтгэл хангалуун байлгах шаардлагатай. Төр, ашгийн бус байгууллага, төслийн багууд мөн л бүх оролцогч талуудыг бодолцох хэрэгтэй. Иймээс стратеги эдгээр хэрэгцээнүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.

Хэрэглэгч, оролцогч талуудаа тодорхойл. Харилцагч тань юу хүсч байна? Таныг амжилтанд хүрэхэд ямар гол оролцогч талууд байна? Stakeholder анализын эдгээр хэрэгцээ, шаардлагыг олж нээхэд туслах болно.

Мөн зах зээлээ нарийвчлан авч үз. Жишээлбэл, эдгээр гол асуултуудыг өөрөөсөө асуу: Манай зах зээл хэрхэн сегментчлэгдсэн бэ? Үр дүнтэй зардлаар аль бүлэг, хүн амд хүрэх боломжтой вэ? Манай хамгийн оновчтой маркетингийн хольц буюу Marketing Mix юу вэ?

  • Өрсөлдөгчдөө шинжил

Уламжлалт ашгийн байгууллага/компанийн хувьд өрсөлдөгчийн бүтээгдэхүүн танай бүтээгдэхүүнтэй хэрхэн дүйцэж байгаа, өрсөлдөгчдийн ур чадвар юу болох зэргийг ойлгох хэрэгтэй. Таны үйл ажиллагаа явуулж буй зах зээлд нэвтрэн ороход хэр амархан эсхүл хэцүү вэ? Хэрэглэгчдэд өөр ямар сонголтууд байна?

USP [unique selling proposition] анализ талаарх манай артикль хэрхэн үр дүнтэй өрсөлдөх аргачлалуудыг тодорхойлоход туслана. Мөн, Competitive Intelligence артикль өрсөлдөгчөө ойлгоход туслах олон аргачлалуудыг тусгасан байгаа.

Ашгийн бус байгууллага, хэлтэс, төслийн багууд мөн л өрсөлдөгчтэй байдаг. Албад хэлтсийн бусад баг, төслүүд мөн л төсөв, бусад нөөц, эх үүсвэрийн төлөө өрсөлдөж байдаг. Тиймээс, та үнэ цэнэ үүсгэнэ, зорилтууддаа хүрнэ, байгууллагын амжилтанд хувь нэмэр оруулна гэдгээ батлах ёстой.

~Үргэлжлэнэ~