Бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэх аргууд

Бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлдэг хэд хэдэн аргууд байдгаас хамгийн нийтлэг хэрэглэгддэг гурван аргыг доор танилцуулъя. Үүнд:

 

Өртөг зардлыг нэмсэн үнэлгээ буюу Cost-Plus Pricing

Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд гарч буй зардал дээр ашгаа нэмсэн үнэ. Ашгийг ихэвчлэн зардлын хувиар тооцдог. Томъёо нь:

Бүтээгдэхүүн/үйлчилгээний өөрийн өртөг (Cost of Goods Sold)

+    Бусад зардал (Overhead Expenses)                                              

=    Нийт зардал (Total Cost)

+    Хүсч буй ашиг (Desired Profit)

=    Зарах үнэ (Required Sales Price)

Бүтээгдэхүүний жишээ:

Гар урлалын сувенир үйлдвэрлэхэд орж буй материал, хөдөлмөрийн зардал нь нийт 15000₮ байвал:

15000₮

+    5000₮ (түрээс, цахилгаан, цалин, маркетинг г.м.)

=    20000₮

+    10000₮ (50%-н ашиг)

=    30000₮ (зарах үнэ)

 

Үйлчилгээний жишээ:

Машин завсарын газарт тос солих үйлчилгээ:

8000₮ (тос, хаягдалын өртөг)

+    7000₮ (түрээс, цахилгаан, ус, цалин г.м.)

=    15000₮

+    4500₮ (30%-н ашиг)

=    19500₮ (үйлчилгээний үнэ)

Сул тал нь: Зардлыг зөв тооцохгүй бол ашиг нь бодсоноос бага гарах магадлалтай. Мөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний имидж, байр суурь, эрэлт хэрэгцээ зэргийг бодолцдоггүй.

 

Эрэлт дээр тулгуурласан үнэ буюу Demand-Based Pricing

Үйлдвэрлэлийн үнэ, зарах суваг, зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг үзүүлэлтийг шингээсэн үнэлгээний систем. Үнэ цэнэ дээр тулгуурласан үнэ буюу Value-Based Pricing энэ системийн нэг хэлбэр ба энэ нь хэрэглэгчийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс авах ашиг тусыг бодолцон гаргасан үнэ юм.

Жишээлбэл: Түүхий эд, хөдөлмөр, бусад бүх зардлыг оруулаад ноолууран цамц үйлдвэрлэх үнэ 30000₮ байхад, тухайн бүтээгдэхүүний зах зээлийн имидж, үнэлгээг бодолцон дотоодын худалдаанд 70000₮-р, эсхүл тэдэнд бөөний үнээр 60000₮-р зарахыг гэх мэт.

Сул тал нь: Зардлыг тогтооход зах зээл, өрсөлдөгчийн судалгаа зэрэг төрөл бүрийн судалгаа хийгдэх шаардлагатай ба үүнд цаг хугацаа, төсвийн боломж зэрэг асуудлууд гарах магадлалтай. Түүнчлэн, Үнэ цэнэ дээр тулгуурласан үнийн бодлого нь, жишээлбэл, хэрэглэгчийн хэрэгцээ, хүсэлтийг хэт бодолцсоноор үйлдвэрлэх зардал, өрсөлдөгчийн үнэ зэргийг үл анзаарах эрсдэлтэй. Цаашилбал, хэт өндөр үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь боломжит хэрэглэгчдийг түлхэх хандлагатай.

 

Өрсөлдөөн дээр суурилсан үнэ буюу Competition-Based Pricing

Зах зээлд тогтоогдсон үнэ дээр тулгуурласан үнэлгээний систем. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар үнэтэй байгааг мэдэн, түүний жишгээр үнэлгээгээ тогтоох. Энэ систем нь өргөн хэрэглээний бараан дээр, ялангуяа, их хэрэглэгддэг.

Жишээлбэл: Хүнсний ногоо, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ ижил төстэй байдгаас гадна, үнийн өсөлт, бууралт зах зээлийн жишгээ дагадаг. Сургалт, семинарын үнийг харьцуулан харахад ч тэдгээр нь зах зээлийн тогтсон ханшаар явж байгаа харагддаг.

Сул тал нь: Өрсөлдөгчийн үнэ дээр хэт тулгуурах нь дараах эрсдэлтэй. Үүнд:

  • Өрсөлдөгчийн үнийн бодлогыг сайн судлаагүйгээс алдагдалд орох. Зарим компани, жишээлбэл, тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд үнийн удирдагч буюу Cost Leader-р гарган, алдагдалтайгаар заран, энэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой бусад бүтээгдэхүүн үйлчилгээнээсээ зардлаа нөхөн, ашгаа олж байх магадлалтай.
  • Өрсөлдөгчийн үнэ тогтоосон аргачлал нь алдагдалтай байх.
  • Өрсөлдөөн дунд өөрийн компани/байгууллагын бодит зардлыг анзаарахгүй байх.
  • Үнийн өрсөлдөөн буюу Pricing War-д өртөгдөх магадлалтай.

Тухайн нөхцөл байдалд тулгуурлан, эдгээр аргуудыг хослуулан хэрэглэх боломжтой ба гол анзаарах зүйл нь танай үнийн бодлого хэр үр дүнтэй байгааг хөтөлсөн бүртгэл, тайланг няхуур хөтлөх нь чухал юм. Ингэснээр, зах зээлийн чиг хандлага, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар, үнэ цэнийг бодитоор тогтооход цаашдын үндсэн мэдээллийн бааз болдог.

 

RESOURCES:

Үнийн бодлого дээр дараах ном хэрэглэгчдээсээ өндөр үнэлгээ авсан байна: “The Strategy and Tactics of Pricing: A Guide to Profitable Decision Making