Сошиал маркетинг

logo_entrepreneurhttps://www.entrepreneur.com/article/228324

Энэ өдрийн мэнд,

Маркетинг төлөвлөлтийг хийхэд зайлшгүй бодолцож үзэх шаардлагатай хэрэгсэл бол үнэнхээр нийгмийн сүлжээ болоод байгааг бид бүхэн анзаарч байгаа. Хэдийгээр хүн бүхэн гаршиж амжаагүй байгаа ч, цааш цаашдаа нийгмийн сүлжээг авч явах нь зөвхөн компани/байгууллагын сонголт бус, бас олон нийт, хэрэглэгчдийн зүгээс тэдэнд тавигдах шаардлага, итгэл найдварын баталгаа болоод байгаа юм. Тиймээс өнөө цаг үетэйгээ нийлэн алхаж буйг илтгэх нэгэн том үзүүлэлт бол нийгмийн сүлжээ гарцаагүй мөн.

Үүнтэй холбогдуулан бид энэ удаагийн тэмдэглэлээрээ нийгмийн сүлжээнд зориулсан маркетинг төлөвлөгөө боловсруулахдаа ямар асуултуудыг бодолцож үзэх хэрэгтэй вэ гэдгийг санал болгосон нэгэн нийтлэлийг орчуулан тавъя.

Нийгмийн сүлжээнд зориулсан маркетинг төлөвлөгөө боловруулахдаа асуух 10 асуулт” хэмээх энэхүү нийтлэлд дараах асуултуудыг компанийн удирлага, маркетингийн менежрүүд бодолцож үзэхийг санал болгосон байна. Үүнд:

1. Манай компани нийгмийн сүлжээгээр дамжуулан юунд хүрэхийг хичээх ёстой вэ?
Бизнесийнхээ онцлогоос шалтгаалаад бүтээгдэхүүнийхээ брэндийг сурталчилах, хэрэглэгчидтэйгээ шууд холбогдох, эсхүл ямар нэг онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох зэргээр хэрэглэх боломжтой аж. Түүнчлэн, нийтлэлийн гол агуулга нь нийгмийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчиддээ ямар үнэ цэнийг бүтээж байгаа, тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох зэргийг бодолцож үзэх нь чухал гэнэ.

2. Манай компанийн нийгмийн сүлжээний дансуудыг хэн үүсгэж, хөтлөх ёстой вэ?
Цөөхөн хүнтэй жижиг компаниуд нийгмийн сүлжээний кампанит ажил амжилттайгаар хэрэгжүүлж байсан туршлагатай ажилтанд хариуцуулах, том компаниуд маркетинг хэлтэсдээ хариуцуулах зэрэг аргуудыг санал болгосон байна. Нийгмийн сүлжээний талаар туршлага багатай боловч санхүүгийн боломжтой бизнесүүд энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөх компаниудтай хамтарвал тохиромжтой байж магад болохыг мөн дурдсан байна.

3. Олон нийтийн танил болсон бүх нийгмийн сүлжээний сайтууд дээр бид өөрсдийн данстай байх ёстой юу?
Блог, нэг нийгмийн сүлжээний дансыг эхэлж буй компаниудад санал болгосон байна. Харин аль гэдгийг нь тодорхойлохын тулд хэрэглэгчдээсээ санал асуулга явуулж болох гэнэ. Компани томрон, дижитал маркетингийн төсөв ихсэх үед өөр бусад сайтуудыг сонирхож болох аж.

4. Жижиг бизнесийн хувьд аль нийгмийн сүлжээний сайт хамгийн тохиромжтой вэ?
Компанийн том жижгээс үл хамааран, Twitter-н данстай байх нь хамгийн зохимжтой гэнэ. Мөн, хайлтаар амархан олдоход (SEO) нэмэр болохуйц гэвэл Google+ зохимжтой. Бизнес тань бизнесүүдэд чиглэсэн (B2B) бол LinkedIn, Slideshare зэрэг сайтууд дээр, хэрэглэгчдэд шууд хандсан (B2C) бол Facebook, Pinterest зэрэг сайтуудыг санал болгов.

Энэ дашрамд дурдахад, манай Монголын хувьд улс төрч, алдар цуутай, олон нийтийн танил болсон хүмүүс Twitter-г ихээр хэрэглэгдэг харагдаж байгаа. Мөн залуу үеийнхэн Facebook, Instagram зэргийг ихээр ашигладаг санагдсан. Үүнийг бизнесийнхэн маркетингийн сегментчлэлдээ тусган бодолцох нь зүйтэй болов уу гэж боддог.

5. Нийгмийн сүлжээний сайтууд дээрээ хэр ойрхон мэдээлэл оруулж байх ёстой вэ?
Өдөрт 2-5 удаа бүх нийгмийн сүлжээний сайтууддаа мэдээлэл оруулахыг Porterfield гэдэг хүн зөвлөсөн байна. Учир нь, танай бизнесийн хуудсыг дагагсад янз бүрийн цагаар эдгээр сайтуудаар орж байгаа тул тэдэнд хүргэхийн тулд өдөрт төрөл бүрийн давтамжтайгаар мэдээллээ хүргэхийг санал болгож.

Давтамжийн хувьд тодруулахад, энэ нь зайлшгүй тоо гэж бидний хувьд бодохгүй байгаа юм. Өөрсдийн бизнесийн цар хүрээ, нөөц боломж, бодлого зэргээс хамааран бизнес/байгууллага бүр өөрсдийн давтамжийг төлөвлөх нь зүйтэй ба энэ нь заавал баригдмал, хүчилсэн байх албагүй юм. Хэрэглэгчиддээ сонирхолгүй хэрнээ, ямарч бодлогын шинж чанаргүй агуулга нь тэр бүү хэл сөрөг дагавартай байж болох юм.

6. Ямар төрлийн агуулгыг аль сайт дээр нь тавих вэ?
Тодорхой нэгэн төрлийн агуулга сайтаасаа хамааран илүү тохиромжтой байх хандлага байдаг. Жишээлбэл, Facebook, Pinterest, Google+, Instagram сайтууд нь угаасаа зураглал дээр суурилсан болохоор бүтээгдэхүүний сонин содон, дурсгалтай зурагнууд, компанийн арга хэмжээ, ялангуяа ажилчдын ажлаа хийж байгаа бэлтгэл ажлын агшин зэрэг зураглал нь эдгээр сайтуудад тохиромжтой. Гэхдээ, асуулт асууж байгаа тохиолдолд Facebook дээр, жишээлбэл, ямарч дагалдах линкгүйгээр, зөвхөн бичгэн оруулга /статус/ сайн түгээгдэх магадлалтай.

Twitter дээр өөрийн компанийн тухайгаас гадна бусдын агуулгыг, жишээлбэл, бизнес түншийнхээ болон салбарынхаа нөлөө бүхий хүн/байгууллагын зурвас зэргийг эн тэнцүү твитлэхийг зорих нь зүйтэй. LinkedIn дээр компанийнхаа мэдээ мэдээлэл, бүтээмж, бодлогын манлайлалын чанартай нийтлэл зэргийг оруулах нь нийтлэг.

Ер нь нийгмийн сүлжээний сайтуудаа сонирхолтой, шинэлэг байлгахын тулд гоц зураг, богино видео, хэрэгтэй линкүүд болон зөвлөмж, бодол төрүүлсэн асуулт зэрэг төрөл бүрийн агуулгаар хөгжүүлэх нь зүйтэй гэнэ.

7. Нийгмийн сүлжээг харилцагчийн үйлчилгээг хүргэхийн тулд хэрэглэх нь тохиромжтой юу?
Нийгмийн сүлжээ нь өнөөгийн болон потенцальны харилцагчдын зүгээс аливаа нэг бизнестэй харилцахад хамгийн нийтлэг арга зам болоод байгаа. Facebook, Twitter, Google+ болон бусад сайтуудаар дамжуулан харилцагчдын асуулт, лавлагаа, мөн түүнчлэн тэдний гомдолд хүртэл хариулах боломжтой.

8. Нийгмийн сүлжээний дагалдагчдыг хэрхэн өөрсдийн харилцагч болгон хөрвүүлэх вэ?
Зарим нэг тактик заримдаа бусдаас дээр үр дүн өгдөг ч, ерөнхийдөө фэн, дагалдагчдын мөнгийг татах яг тодорхой арга мэх байхгүй болохыг Porterfield хэлсэн байна. Жишээлбэл, Facebook-н сурталчилгаа фэнүүдийнхээ тоог өсгөх, оролцоог нэмэгдүүлэх, борлуулалтын эх үүсвэрийг бий болгоход хэрэглэгдэж болох хялбар, өртөг багатай арга зам байж болно. Харин эдгээр эх үүсвэрүүдийг хөрвүүлэх эсэх нь та бүхнээс шалтгаална.

Porterfield мөн Twitter, YouTube, Facebook, Pinterest зэрэг хэд хэдэн нийгмийн сүлжээ сайтуудыг дамнасан тэмцээн, арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосон байна. Зорилтот зах зээлтэйгээ уялдуулсан шагнал урамшуулал нь потенцальны харицлагчдыг татахад үр дүнтэй байх магадлалтай. Жишээлбэл, харилцагчдаа онлайн дэлгүүрлүүгээ татахын тулд та энэхүү арга хэмжээнийхээ талаар Facebook хуудас дээрээ бичсэн агуулгыг танилцуулан твитлэж болно. Харин Facebook хуудас дээрх мэдээлэл нь танай онлайн дэлгүүрийн сайтад байрлах, контестын тухай дүрэм журам, оролцох анкет зэрэг линкүүдийг агуулах аж.

9. Нийгмийн сүлжээний маркетингийн амжилтыг хэрхэн хэмжих вэ?
Аль тактик, ямар төрлийн агуулга хэрэглэгчид тань хүрч байгааг мэдэхийн тулд нийгмийн сүлжээний маркетингийн хэмжигдэхүүнүүдээ үргэлж үзэж, хянаж явах нь чухал,

Зарим сайтууд өөрсдийн гэсэн хэмжигдэхүүнүүдийг санал болгодог. Жишээлбэл, Facebook нь хуудасны администратруудад Page Insights буюу хуудасны датаг үнэгүй өгдөг. Эдгээр нь хэдэн хүн танай оруулсан агуулгатай харьцаж байгааг үзүүлдэг. Энэхүү дата дээр үндэслэн, ирээдүйн оруулах агуулгаа төлөвлөж, цаашид фэнүүд болон дагалдагч нартайгаа хэрхэн хамгийн үр дүнтэйгээр холбогдох арга замаа шийдвэрлэх боломжтой. LinkedIn мөн компанийн хуудсуудад төстэй мэдээллийг хүргэдэг.

Google Analytics-аар дамжуулан, нийгмийн сүлжээгээр хийгдсэн компанит ажил хэр үр дүнтэйгээр танай үндсэн вебсайт, эсхүл онлайн дэлгүүрлүү хөлийн урсгал татаж буйг харж болно. Та хэрвээ Twitter, Facebook, Pinterest болон бусад нийгмийн сүлжээний сайтууд тань компанийн вебсайтруу хандуулагчаар листлэгдсэн байвал танай нийгмийн сүлжээний хүчин чармайлт үр тусгүй бус байгаа гэж дүгнэж болно.

Сонирхуулан хэлэхэд, энэ орчуулж буй агуулга манай уншигчдад хэр их хүрч байгааг Facebook хуудсаасаа, мөн үүний дүнгээр манай вебсайтын хөлийн урсгал хэр ихээр нэмэгдэж байгааг бид өчигдрөөс буюу агуулгаа оруулснаас эхлэн анзаараад явж байгаа. Та бүхэн нилээн уншиж байгааг харж байгаа тул үлдсэн орчуулгыг өнөөдөр зав гарган, төлөвлөж байснаасаа хурдан хийхээр шийдлээ.

10. Зайлсхийх хамгийн том алдаа юу вэ?
Ёжтой нь гэвэл нийгмийн сүлжээний төлөвлөгөө байхгүй байх гэдэг нь энэ асуултын хариулт юм. Тиймээс нэгийг нээж, түүнийгээ тууштайгаар авч яваарай. “Нийгмийн сүлжээ үргэлж өөрчлөгдөж байдаг. Тиймээс та өөрчлөлтөнд, мөн дасан зохицоход үргэлж бэлэн байх хэрэгтэй” гэж Porterfield хэлсэн байна. Нийгмийн сүлжээнийхээ стратегийг үргэлж дүгнэж, сайжруулж байгаарай. Сар бүр үүнийг хийх нь аль тактик болж байгаа, аль нь болохгүй байгааг олж мэдэхэд тань тус нэмэр болох юм. 
— Төгсөв—

Та бүхэнд энэ нийтлэл ямар нэг хэрэгтэй мэдээлэл өгсөн гэдэгт найдаж байна. Нийгмийн сүлжээгээ хөтлөхдөө гол нь өөрсөддөө зугаатай, сонирхож хийвэл бүр л хүнд хүрч, өөрт тань ч бас өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Сонирхон уншсан дахин баярлалаа. Ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье!